Ц.ГАНЗОРИГ: Энэ сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай НЭЭНЭ
Улсын Онцгой комиссоос өчигдөр /2021.06.02/ вакцинжуулалт болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Манай улсын хувьд коронавирусийн халдвар эргээд ихэсч, иргэдийн хөл хөдөлгөөн 90-95 хувь нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм суларсан хэдий ч халдвар авч байгаа иргэдийн ихэнх нь архаг суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хүмүүс, вакцинд хамрагдаагүй иргэд хүнд тусч байгааг мэргэжилтнүүд хэлсэн.
Тэгвэл тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасч эхлэх хүлээлт байгаа. Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж, орон нутагт энэ сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах, Вакцинд хамрагдаагүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн тэрээр "зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд журмаар зохицуулагдан ажиллаж байгаа ч иргэд бөөгнөрч, амны хаалтгүй үйлчлүүлж хавьтал үүсгэж байна. Гэр бүлийн орчинд ч эрсдэл бий. Төрийн ямарваа нэгэн үйл ажиллагааг завсарлуулахгүйн тулд сонгуулийн үйл ажиллагаа ч журмаар зохицуулагдан явагдана. Вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, зургадугаар сарын 15-наас нээгдээгүй үлдсэн 8-9 салбарын үйл ажиллагааг шат дараатай суллаж, хэвийн амьдралдаа эргэн орохыг УОК болон Засгийн газраас урьтал болгож байгаа" гэв.