ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажлын цагаа сэтгүүлчдээр “ЦАГДУУЛАХГҮЙ“ гэв үү
Нэр бүхий сайтын сэтгүүлчид өнөө өглөө төрийн албаныхан хэр эртэч байна, Ерөнхий сайдын гаргасан эртэч байх санаачилгыг хэрхэн биелүүлж байгаа талаар лайв хийж тандсан байна.
Харин ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажилдаа хоцорч ирсэн бололтой. Энэ талаар хэлэхдээ тэрбээр өөрийгөө ажил дээрээ байсан хэмээн пост бичжээ.
Тэрбээр “Өглөө нэг хүн залгаад “Та хаана байгаан?” гэж асуугаад байсан. Ийм учиртай байж. Би ч өрөөндөө байсан л даа. Өглөө надтай тааралдаагүй гээд нилээд л шүүмжлэнгүй, хаагуур орсон, хэзээ ирсэн гээд намайг худал яриад байна гэж бодсон юм шиг байгаа юм. Орж ирэхийг урьсан. Орж ирээгүй. Орж ирсэн бол ядаж кофе хамт уухгүй юу. Гадаа зогсоод даарсан байлгүй.
Ер нь гэхдээ надад лав таатай сэтгэгдэл үлдээгүй. Эртээр бас нэг сэтгүүлч хүн амралтын өдөр залгаад “яаж ярилцлага авч, хэзээ гаргах нь миний хэрэг” гээд. Энэ даваа гарагаас эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагууд 8:00-с ажиллаж эхлэж байгаа юм билээ.
Манай байгууллагууд 8:30-с байгаа. Гэхдээ адил 8:00 болгоно. Нөгөө талаас дийлэнх хүмүүс маань цахимаар ажиллаж байгаа. УОК-ийн чиглэлийн дагуу. Би бол өчигдөр ажилдаа орой 5 гэж очсон. Орой 8 гэж явсан. Гадуур уулзалттай ч өдөр гарах нь байна. Цагаа цагдуулах ёстой билүү ч гэж айх шиг. Заа мэдэхгүй. Хүндэлнэ үү, эс хүндэлнэ үү. Төрийн ажил явдагаараа л явна даа” гэжээ.