У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ОРОН СУУЦЖУУЛАХ хөтөлбөр иргэдэд хүрч эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахад ихээхэн анхаарч ирсний хүчинд өдгөө ипотекийн зээлийн хүү 8-аас 6 хувьд хүрч буураад байна.
Энэ ажилд төрөөс 3 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Тэгвэл энэ ажлыг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас санаачилсан бөгөөд цогц хөтөлбөрийг боловсруулснаар өдгөө 2400 гаруй иргэн, 240 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээлд хамрагджээ.
Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэхэд төрөөс олгох санхүүжилт хамгийн чухал. Тиймээс уг асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд сар тутам 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгохоос нийслэл Улаанбаатар хотод 75 сая, орон нутагт 55 сая төгрөг байх нарийвчилсан тооцоо, судалгааг гаргажээ.
Зээлийн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд нэмж олгох боломжтой гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа юм. Энэ тухайд Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн 11-12 дугаар сард ипотекийн зээл 8 хувиас 6 хувьд хүрч буурсан. Үүнтэй холбоотойгоор ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш түүхэндээ хамгийн өндөр зээл олголт хийгдсэн. Тухайлбал, зөвхөн арванхоёрдугаар сард л гэхэд 1200 гэрээ хийгдэж, 95 тэрбум төгрөгийн зургаан хувийн ипотекийн зээл гарсан байгаа юм. Ингээд бодохоор жилдээ 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээл гарахаар байна. Нөгөө талаас барилгын салбарт нийлүүлэлт хийж байгаа орон сууцуудыг худалдаж авах ипотекийн эх үүсвэрийн схем бүтэн ажиллана гэсэн үг. Өнгөрсөн жилийн турш нийтдээ 30 мянган ордер бичигдсэн байна. Үүний 15 мянга нь шинэ орон сууц. Энэ бол барилгын салбарын нийлүүлэлтийг бүрэн хангаж чадах хэмжээний ипотекийн схем цаашдаа амжилттай үргэлжилнэ гэсэн үг” гэдгийг онцоллоо.