“Ипотекийн зээлийн 15 хувийн урьдчилгааг Зээлийн батлан заалтын сангаас төлөх асуудлыг судалж байна“
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр дагуул хот болон иргэдээ орон сууцжуулах ажлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулга хийв.
Тэрбээр "Монгол Улсын 897 мянган өрхийн 411 мянга нь буюу 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тэдний 199 мянга нь орон сууцанд амьдарч байгаа.
2019 онд Засгийн газрын тогтоолоор 150 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Улаанбаатар 100 мянган айлын орон сууц, орон нутагт 50 мянган айлын орон сууц барина. Хөтөлбөрийг зургаан төрлөөр хэрэгжүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц бүхий амины орон сууц, түрээсийн орон сууц зэрэг төрлөөр хэрэгжүүлнэ.
Засгийн газраас ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 6 хувь болгож бууруулсан. Энэ сарын 17-ны байдлаар нийт 3944 иргэнд 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоод байна.
Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийн 15 хувийг Зээлийн батлан заалтын сангаас хариуцах асуудлыг судалж байна" гэлээ.
"Зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгох зарчмыг хатуу баримтлах нь зөв"
Шадар сайд С.Амарсайхан "Нийслэлийн эрх зүй, эдийн засаг бусад асуудлаар төрийн бодлого цогцоор нь гаргаж, дэмжих шаардлагатай болсон. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хүний нөөцийн дутагдалд ордог. Нийслэлийн Засаг дарга хүний нөөцийг бэлтгэх, чадвартай хүмүүсээр төсөл хөтөлбөрүүдийг удирдуулах тал дээр сайн анхаарч ажиллах байх.
Эхний ээлжинд зөвхөн гэр хорооллоос байранд орох иргэдэд ипотекийн зээл олгоно гэдэг зарчмыг мөн хатуу баримтлах нь зөв" гэлээ.