Нийслэлийн түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбумаас доошгүй хөрөнгө төсөвлөнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямпорж Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоолын төслийг танилцууллаа.
Уг төсөлд нийслэлийн түгжрэлийг бууруулахад 2022-2024 онд жил бүр 420 тэрбум төгрөгөөс их төсвийг батална. Мөн гадаадын зээл тусламжаар 350 сая ам.доллар авахаар төлөвлөсөн.
Хотын авто замын өргөтгөл, зогсоол, гүүр, хурдны зам, парк шинэчлэлт зэргийг дээрх мөнгөнөөс шийднэ. ДЦС 3-ын дэд бүтцийг түшиглэн цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийг барина.
Улаанбаатар хотод багтаамж ихтэй, шинэ төрлийн нийтийн тээврийн төсөл арга хэмжээг боломжит эх үүсвэрээр санхүүлэх болон Богдхан төмөр замын ажлыг эрчимжүүлэх тухай асуудлыг тусгажээ.
Төсөл хараахан батлагдаагүй байгаа бөгөөд яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.