ХАА-н зарим техник хэрэгсэл, бордоо зэргийг 2022 он хүртэл Гаалийн татвараас хөнгөлж, 2025 он хүртэл НӨАТ-аас чөлөөллөө
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 4-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулсан.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын Гаалийн албан татварыг хөнгөлнө.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлнө. 120 гаруй машин механизм, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт”-д нэмэлт оруулах талаар судлаж танилцуулахыг сайд З.Мэндсайханд даалгав.
Худалдан авах ажиллагааг “Ерөнхий гэрээ”-гээр эрчимтэй зохион байгуулах, “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэнд жил бүр идэвхтэй, үр дүнтэй оролцож байхыг төрийн болон орон нутгийн өмчит бүх байгууллагад даалгав.
Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн 51 байгууллага 326 орчим тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрээс худалдаж авснаа тайлагнасан байна. Энэ нь жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 98 хувь юм.