З.МЭНДСАЙХАН: 88 мянга гаруй малчинд НООСНЫ УРАМШУУЛАЛ олголоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханаас ноосны урамшууллын талаар тодрууллаа.
-Энэ жилийн хувьд хэчнээн малчинд хэдэн төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна вэ?
-2020 онд үндэсний 83 үйлдвэр, цехэд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн. Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.
-Мөнгөн урамшуулал авч чадаагүй малчин бий юу?
-Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг олгоогүй.
Энэ үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд урамшуулал олгохыг түр хойшлуулсан.
Тэгэхээр дээрх үйлдвэрүүд зөрчлөө шийдвэрлэсний дараа малчид мөнгөн урамшууллаа авах боломжтой болно.
-Малчид ноосны урамшуулалд хамрагдахдаа ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэнэ.
Тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болох юм.
Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын албанаас авч болохоос гадна манай яамны албан ёсны mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудсанд дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан.
-Цаашид урамшууллыг хөдөө аж ахуйн цахим шилжилт, биржийн шинэчлэлтэй уялдуулах уу?
-Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, түүхий эдийн үнийг тогтворжуулах, татварын тайланг сайжруулах, малчдын бодит орлогын түвшинг тодорхойлох зорилгоор и-баримтаар малчдын борлуулалтыг бүртгэн баталгаажуулж хэвшүүлнэ. Тиймээс урамшууллыг богино хугацаанд үргэлжлүүлэн олгоно. Мөн малын гаралтай түүхий эдийн чанар, стандарт, борлуулалтыг сайжруулах зорилгоор малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнийг Хөдөө аж ахуй биржээр арилжаалах нөхцөлийг бүрдүүлэх хөшүүрэг болж байгаа юм.