Л.Оюун-Эрдэнэ: Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүйг хөл хорионы үеэр бүгд анзаарсан
Бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэмэртэй байх үүднээс вакцинжуулалтыг идэвхжүүлсэн. Вакцинжуулалтаараа бид Азид тэргүүлж, дэлхийд 10-т жагсаж байна. Төр, хувийн хэвшлийн бичих шинэ хуудасны талаар та бүхэнтэй ярилцмаар байна. Бид нэг завинд сууж буй учир хамтарч ажиллах хэрэгтэй. Бидний хувьд яарах ёстой хугацаанууд үүсэж байна. Хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой. Өндгөө хүртэл дотооддоо хангаж чаддаггүйг хөл хорионы үеэр анзаарсан.
БНХАУ, АНУ, Франц гэх мэт олон улс нүүрний хэрэглээгээ багасгах чиглэл барьж байгаа. Бидэнд 10-15 жилийн цонх үе байна. Энэ хугацаанд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай байна. Бид тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх шаардлага бий.
Засгийн газраас 100 гаруй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллана. Төрөөс бүх зүйлд Засгийн газрын баталгаа өгөх боломжгүй ч хэрхэн оновчтойгоор ажиллах вэ гэдгийг нарийн төлөвлөх хэрэгтэй байна" гэв.