ТАНИЛЦ: Вакциндаа бүрэн хамрагдсан иргэдэд НЭЭЛТТЭЙ БОЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Коронавирусийн эсрэг дархлаажуулалт эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 520 гаруй мянган хүн хоёр тунгаа бүрэн хийлгээд байна.
Тэгвэл вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон буюу дархлаа тодорхой хэмжээнд тогтсон иргэд Даваа гарагаас ямар давуу тал эдлэх талаар УОК-ын гишүүн, Засгийн газрын ХМХГ-ын дарга Ц.Ганзориг дэлгэрэнгүй тайлбарлалаа.
- Тавдугаар сарын 8-наас эхлээд үсчин, гоо сайханд давтан тундаа хамрагдсан ажиллагчид ажиллах учраас эдгээр газраар үйлчлүүлж болно.
- Тавдугаар сарын 15-наас буюу долоо хоногийн дараачаас дархлаа дэмжих төвүүд буюу бялдаржуулах төв, фитнесс, саун, бассейн зэрэг газрууд давтан тундаа хамрагдсан хүмүүст нээлттэй болно.
Гэхдээ тавдугаар сарын 8-наас эхлээд хүнсний дэлгүүр ороход давтан тундаа хамрагдаагүй бол оруулахгүй гэж буруу ойлгож болохгүй. Хамгийн гол нь 15 минутаас дээш хугацаанд ойр харилцаанд ордог эрсдэл бүхий аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээхийн тулд ингэж зохицуулж байгаа.
Тиймээс иргэд e-Mongolia-аас давтан тундаа хамрагдсаныг гэрчлэх QR код бүхий сертификатыг авах юм. Уг кодыг уншуулдаг системийг Мэдээлэл, технологи, харилцаа холбооны газраас Даваа гараг гэхэд бэлэн болгоно.