С.Амарсайхан: Ирэх долоо хоногоос хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.
Энэ үеэр УОК-ын дарга С.Амарсайхан "Ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг дуулгаж байна. Улсын хэмжээнд 1,138,000 иргэн вакцины нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тавдугаар сарын 8-ны өдөр гэхэд улаанбаатар хотод нэгдүгээр тунд хамрагдах ёстой иргэдийг хамруулж дуусах, зургаадугаар сардаа багтан орон нутгийн вакцинжуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна" гэв.
Вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэнийг 50,000 төгрөгөөр урамшуулах шийдвэр гарлаа
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Иргэдийн вакцинжуулалтын идэвх эрс буурсан нь харамсалтай. Хэдийггээр сайн дурын дархлаажуулалт хийж байгаа ч вакцин хийлгээгүй иргэд бусдыгаа эрсдэлд учруулж байгааг санах хэрэгтэй.
Хүнсний талон авдаг 47 мянган иргэнээс 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна.
Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулалд олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон.
Вакцинаа хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээг авна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна.
Иймээс өнөөдрөс эхлэн дараагийн саруудад олгогдох хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. " гэв.
Шууд үзэх: