С.Амарсайхан: Файзер вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас хүүхдүүдээ вакцинжуулна
Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвараас хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх вакциныг туршиж хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улс ч хүүхдүүдэд зориулсан вакциныг худалдан авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар Файзер вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургаадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.