ХХААХҮЯ: Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой төсөлд гарын үсэг зурлаа. 

Үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Д.Түвшинтөгс, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, төслийн зөвлөх А.Амгалан нар оролцлоо.

Arslan.mn

Энэхүү төсөл Европын Холбооны санхүүжилтээр, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр тэргүүлэн, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хэмээх томоохон төслийн бүрэлдэхүүн юм. Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлт, зохистой хөдөлмөрийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад хүрэхэд дээрх төсөл дэмжлэг үзүүлэх зорилготой.
 
Төсөл хэрэгжсэнээр хөдөө аж ахуйн салбар дахь залуучуудад ажлын байрыг бий болгох боломж олгох; төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй загварыг бий болгож турших, инноваци нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц, чанар, аюулгүйн стандартад нийцсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний брэндүүдийг дэмжих зэрэг олон үр дүнтэй ажлыг зохион байгуулах юм.Arslan.mn

Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр цахим хөдөө аж ахуйг бий болгох ажлын салшгүй чухал хэсэг болох бүртгэл, мөрдөн мөшгөх системийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайхан, төслийн зөвлөх А.Амгалан нар танилцууллаа. Ургамлын гарал үүслийн, агро-химийн бодисын бүртгэл, хяналтын, ургамал хамгааллын лабораторийн үйл ажиллагааны, махны үйлдвэрийн үйл ажиллагааны, махны гэрчилгээний блокчэйн модуль зэрэг системийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлснээр хүнсний аюулгүй байдал баталгаажин, хангамж тогтворжиж, улмаар бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Үйл ажиллагааны төгсгөлд талууд "Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” болон "Залуу малчин" төслийн бичиг баримтад гарын үсэг зурлаа. Мөн таримал ургамлын гарал үүсэл, пестицидийн бүртгэл, хяналтын системийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625202
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up