Эдийн засгийг сэргээхээр нийт 330 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа.
03 дугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээлийг богино хугацаанд олгож байна гэсэн үг юм.
Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ 03 дугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол 03 дугаар сарын 22-ны мэдээгээр 41.8 тэрбум болж нэмэгджээ.
Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.
03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Сангийн яам зээл олгохтой холбоотойгоор “Олон нийтийн хяналтын зөвлөл’’ ажиллуулна. Зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд хүргэж, оролцогч талуудын уялдааг сайжруулан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм.