УОК: Хөл хорио тогтоолгүйгээр маргаашаас Улаанбаатарын иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ
УОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Маргаашаас вакцинжуулалтын ажил маргаашаас эрчимжинэ.
Өдөрт 16-20 мянган иргэнийг 85 цэгт вакцинжуулна. Хоёр сарын хугацаанд буюу 3, 4-р сард нийслэлийн насанд хүрсэн 1 сая иргэнийг дархлаажуулах ажлыг бүрэн хийж дуусгана.
Халдвар хамгааллын дэглэм, түүнд тавих хяналтыг сайжруулах тал дээр холбогдох байгууллагуудад зөвлөмж зөвлөгөө хүргүүлэх үүрэг даалгавар өглөө. Үзвэр үйлчилгээний байгууллагууд түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна. Дэглэм сахихгүй байгаа байгууллагуудад холбогдох хууль журмын хүрээнд хариуцлага тооцож ажиллах шаардлагатай гэж үзлээ.
Үйлдвэр, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг аль болох хязгаарлахгүйгээр дэглэмээ сахиж ажиллах боломжийг бүрдүүлсэн тул иргэд, ААН-үүдээс ихээхэн санаачилга, хичээл зүтгэл шаардлагатайг хэлье” гэлээ.