Агаарын хил нээж, тогтмол нислэгийг сэргээх хэлэлцээ хийж эхэллээ
Дэлхий нийт COVID-19-ын эсрэг вакцинд найдаж хөл хориогоо сулруулж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 103 улс оронд 236 сая тун вакцин буюу өдөрт дунджаар 6.7 сая хүн вакцинд хамрагдаж байна. Манай улс ч мөн адил долоо хоногийн хугацаанд Астразенека вакцинаар 17 байгууллагын 7460 хүнийг хамруулаад байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр вакцинд хамрагдсан хүмүүсийн 21.5 хувьд нь халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах зэргээр сөрөг нөлөө илэрчээ.
Бүтэн жил гаруйн хугацаанд зогсонги байдалд орсон агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарын хувьд хил нээгдэх хүлээлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай өглөөний цай уухдаа хилийг тавдугаар сарын 1-нээс нээхээр судалж байна. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар барьж энэ хугацаанд хүн амын 50-иас дээш хувийг вакцинжуулж чадвал хил нээх боломжтой гэсэн бол өнгөрсөн баасан гаригт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрээр “Агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол хуваарьт нислэг үйлдэх, гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийг сэргээх яриа хэлэлцээ хийж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд гуравдугаар сарын сүүлээр Солонгосын агаарын тээвэрлэгчийг хүлээж авахаар төлөвлөж байна” гэв.
Мөн хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын тулд тусгаарлалтын хоногийг багасгах, тийзний үнийг бууруулахаар ажиллаж байна. Гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох шинэ зохицуулалттай болжээ. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9411 иргэн байгаа юм. Нийт дүнгээрээ манай улс 29385 иргэнээ дэлхийн 93 улсаас эх оронд нь ирүүлээд байгаа аж.
Гадаадаас иргэдээ татан авахтай холбоотойгоор вакцинжуулалтын асуудал хөндөгдөж байгаа юм. Үүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-д хууль бусаар болон хуулийн дагуу амьдарч байгаа иргэддээ ялгаатай хандах ямар ч үндэс байхгүй. Манай улсын 42000 иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч байгаа. Тэдгээр иргэнийг бүгдийг нь вакцинд хамруулах талаар ярьсан. Хууль ёсоор болон хууль бусаар гэж ялгахгүйгээр БНСУ-д байгаа бүх иргэдийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах шийдвэр урьдчилсан байдлаар гаргаад байна. Монгол Улс хүн амаа вакцинжуулж эхэлсэн Азийн 10 дахь, дэлхийн хэмжээнд 88 дахь улс болоод байна.
Харин БНСУ-ын хувьд хоёрдугаар сарын 26-наас хүн амаа дархлаажуулж эхэлж байна. Улс орнууд хамгийн түрүүнд зорилтот бүлгийн хүн амаа дархлаажуулж байгаа. Тиймээс тухайн улсад суугаа манай улсын иргэдийг хэзээ дархлаажуулах хугацаа гараагүй байгаа" гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)