Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины АНХНЫ ТУНГ хийлгэлээ
КОВИД-19 халдварын дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины анхны тунг тариулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуумж бөглөсний дараа дархлаажуулалтад орж байгаа талаарх баталгаажуулах бүртгэлийг хийлгэж байна. Ингэхдээ регистрийн дугаарыг хэлэн, эмч вакцинд хамрагдахад бэлэн гэж үзсэн тул вакцинаа хийлгэлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр хоёрдугаар сраын 23-ны өдөр шинэ Засгийн газар бүрэлдэж байгуулагдаад яг 25 хонож байна. Энэ 25 хоногт олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж байна.
Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж байна. Нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн горимд шилжиж байна. Тулж ирсэн сорилтыг хамтаар даван туулдаг жишээг бид дахин харууллаа. Нэг өрх нэг шинжилгээ өнөөдөр бид хаана байгаа, хаашаа явахыг заасан суурь боллоо. Хөл хорио шинжилгээгээр мөн бид вакцинжуулалтын суурийг тавьж чадлаа. Ази тивдээ вакцинжуулалтыг эхлүүлсэн улсуудын нэг болж чадлаа. Вакциныг ийнхүү шуурхай авахад Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хийсэн яриа, хэлэлцээ чухал байлаа.
Бид вакцинжуулалтаа хийж чадвал хаагдсан зүйлсээ нээж чадна. Хаагдсан сургууль, хаагдсан бизнес, хаагдсан хилээ, хаагдсан аз жаргалтай амьдралын хэв маягтаа шилжиж орно.
Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцлон хэлмээр байна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэнэ.