С.Энхболд: 23-наас вакцин хийж эхэлнэ. “Pfizer“ вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 143300 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Үүнээс 117410 хүний шинжилгээний хариу гарсан. Үдээс хойш үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу гарна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 11 хүнээс коронавирусийн халдвар илрээд байсан. Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд нэмж таван хүнээс илэрлээ.
14-ний байдлаар СХД-т 16700 хүнийг шинжилгээнд хамруулсан. Нийт 13 байнгын цэг, 50 явуулан баг ажиллаж байна. Зааж өгсөн хороо, нутаг дэвсгэртээ шинжилгээнд хамрагдахыг хүсч байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” –нд 1900 эрүүл мэндийн ажилтан дайчлагдан ажиллаж байна.
Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.
Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. Хадгалалт тээвэрлэлтийн тал дээр ХӨСҮТ-д үндэсний агуулах байдаг. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. "Pfizer" вакциныг хадгалах бэлтгэлийг бүрэн хангасан гэсэн үг.
Вакцины зардал, төсөв шийдэгдсэн. Одоо худалдан авалт, тээвэрлэлтийн асуудал яригдаж байгаа.
Улаанбаатарын хэмжээнд 410 мянган өрх байгаа. Одоогоор 200 гаруй мянган өрхөд шинжилгээ хийсэн. PCR шинжилгээ гурав хоногийн хүчинтэй.