С.Энхболд: Дотоодод халдвар авснаа мэдэхгүй явж байгаа тохиолдлууд байгаа тул “голомтыг хумих“ зорилгоор шинжилгээ хийнэ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г хэрхэн явуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “Манай улсад коронавирус халдвар дотоодод бүртгэгдээд 100 гаруй хонож байна. Энэ хугацаанд хоёр удаа хөл хорио тогтооход халдварын тохиолдол бага хэмжээгээр нэмэгдсэн боловч огцом буураагүй. Манай эрдэмтдийн зөвлөл, ДЭМБ, тархвар судлаачдын дүгнэж байгаагаар, хэрэв энэ хоёрдугаар сард хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол 5000-6000 хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн тоо 2000 гарч эмнэлгийн ачаалал нэмэгдэх, нас баралтын үзүүлэлт аажмаар ихсэх магадлалтай байгаа. Тиймээс Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сард 10-14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох шаардлагатай гэсэн зөвлөмж өгч байгаа” гэв.
Хөл хорионы үе буюу энэ сарын 12-23-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г хийх юм. Коронавирусээр өвчлөгсдийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэрээр буюу шинж тэмдэггүй байна. Дотоодод халдвар авснаа мэдэхгүй явж байгаа тохиолдлууд байгаа учраас энэхүү шинжилгээг тандан илрүүлэх, голомтыг хумих, вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор хийх юм.
Улаанбаатар хотод коронавируст халдварын 115 голомт байгаагаас 30 голомт идэвхтэй байгаа гэсэн статистик тоо гарчээ. Эхний ээлжинд өргөтгөсөн байдлаар 100 мянга гаруй өрхийг хамруулах аж.
Шинжилгээний байнгын 73, явуулын 137 цэг, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр 100 баг ажиллуулахаар хүний нөөц, бэлтгэл ажлаа хангасан гэдгийг тэрбээр тодотгов.
Хөл хорионы үед зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв эрүүл мэндийн байгууллагад хүргэж үйлчлэх юм. Мөн диализ, бай эмчилгээ, хавдрын туяа эмчилгээ, төлөвлөгөөт мэс засал хийлгэх шаардлагатай иргэдийн судалгааг гаргасан бөгөөд цагдаагийн байгууллагын нэвтрүүлэх постоор тухайн иргэний автомашиныг чөлөөтэй нэвтрүүлэхээр зохион байгуулж байгаа аж.