ЗГ: М.Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайд, Ц.Эрдэмбилэгийг Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар, Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо.
Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.
- 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч
- 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч
- 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч
- 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга
- 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2019-2020 оны 09 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Цэвэгмидийн Эрдэмбилэг 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, дэд профессор.
- 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч
- 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал
- 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна.
Мөн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг уг албан тушаалд жинхлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.