Л.Энх-Амгалан: Гуравдугаар сарын нэгнээс орон даяар танхимын сургалтыг эхлүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас танхимын сургалт хэзээ эхлэх талаар тодрууллаа.
Тэрбээр "Бид танхимын хичээлийг 2021 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна.
Бүтэн нэг хичээлийн жилд 165-180 хоног хичээллэх ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн оныг харвал 80 гаруй хоног цахим,теле хичээлээр хичээллэсэн байна. Үүнээс болоод нийт сурагчдын 70-80 хувь нь хоцрогдолд орсон байна. Учир нь онлайн хичээл орж байх үеэр 174 мянга гаруй сурагч гар утас, компьютергүй, интернэтгүй байна. Улаанбаатар хотод л гэхэд цахилгаанд холбогдоогүй 30 мянган хүүхэд байна. Тэд бүгд хичээлээсээ хоцрогдож байна. Тэгэхээр энэ чиглэлд анхаарлаа хандуулъя гэж бодож байна.
Дэлхийн ковидын өндөр дэглэмтэй улсууд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг явуулж болоод л байгаа юм чинь бид ч бас болох л учиртай. Өнөөдөр миний бие энэ байр сууриа Улсын Онцгой комисст илэрхийлсэн, цаашдаа Засгийн газарт орж хэлэлцүүлснээр гуравдугаар сарын 1 гэхэд Монгол Улс даяар танхимын хичээлийг явуулах боломж бүрдэх юм” гэлээ.