Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД батламжаа гардан авлаа
Өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүд бүрдэж, тангараг өргөсөн билээ.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд тамгаа гардан авах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн яамны болон салбарын нийт албан хаагчдад хандан үг хэлэв. Цаашид тус салбарт онцгой анхаарч, алдаа дутагдалтай тэмцэж, хариуцлага ёс журмыг бэхжүүлэхийн зэрэгцээ, өөрчлөлт шинэчлэлт хийхэд Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДЫН ТОВЧ НАМТАР
Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд нь 1979 онд төрсөн. 2004 онд АШУИС-ийг хүний их эмчээр төгссөн. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 17 жил ажиллаж, 2007 оноос хойш Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос өнөөдрийг хүртэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
Тэрээр Тэргүүлэх зэргийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн Профессор цолтой.
Япон улсын Нагоя хотод ЭМ-н бодлого, удирдлагаар Магистерийн зэргийг хамгаалсан бөгөөд БНСУ, Тайвань, АНУ, Чех улсад мэргэжил дээшлүүлжээ.
С.Энхболд нь Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны даргаар ажиллах хугацаанд олон улсад оношилгоонд ашигладаг олон шинэ технологийг нэвтрүүлсэн төдийгүй, эрүүл мэндийн салбарт оношилгоо, эмчилгээ шат ахихад өөрийн хувь нэмрээ оруулсан хэмээн саларынхандаа үнэлэгддэг аж.
Тэрээр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт (УХТЭ) Ерөнхий захирлаар томилогдоод “Сайд нарын Хоёрдугаар эмнэлэг” байсныг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөн Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг болгон мэдрэл, зүрх судас, урологи, гэмтэл, хавдрын оношилгоо эмчилгээ, хүүхэд, дотор, нарийн мэс засал зэрэг бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тэрээр УХТЭ-т Үндэсний Оношилгоо, эмчилгээний төвийг ашиглалтанд оруулж, өнөөдөр улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах томоохон төрөлжсөн төв эмнэлэг болгоод байна. Тухайлбал, УХТЭ-т хавдрыг оношлох Пэт-КТ технологийг нэвтрүүлж, хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, гэмтлийн тусламж үйлчилгээ, урологийн шинэ тасгуудыг нээн зүүн бүсийн болон Баянзүрх дүүргийн иргэдэд тасралтгүй тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна.