З.Мэндсайхан: ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад түлхүү анхаарна
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сунтай өнөөдөр уулзаж, ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооллын үйлчилгээг дэмжих зорилгоор мэргэжилтэн солилцох, хоёр орны энэ чиглэлийн аж ахуйн нэгж болон институт хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Солонгосын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамтай цаашид хамтран салбар дундын зохицуулалтыг ханган ажиллаж, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллахад түлхүү анхаарна гэдгээ энэхүү уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцоллоо.
Энэхүү уулзалтад ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ганзориг, ГХЯ-ны Ази номхон далайн орнуудын газрын орнуудын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Жамсран, Солонгосын талаас Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сун болон холбогдох бусад албаныхан оролцлоо.