ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах чиглэлээр санал солилцлоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, тус агентлагийн дэд дарга Бенуа Мэйэр-Биш болон холбогдох бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд З.Мэндсайхан сайд Монгол Швейцарын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснийг онцлон тэмдэглэсэн юм.
Энэ үеэр хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчин, фермерүүдийг Швейцарын холбооны Улсад мэргэжил дээшлүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн үндэсний онцлогыг шингээсэн ноос ноолуур, сүү сүүн бүтээгдэхүүн, сарлагийн хөөвөр, арьсаар хийж байгаа экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх асуудлаар талууд санал солилцсон юм.
Швейцарын холбооны Улсын буцалтгүй тусламжаар төмсний үйлдвэрлэлийг сэргээх, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөөр байгаа юм.