Хөл хорио, бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд оюутны төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам гаргана

2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар  зээлд хамрагдах боломжтой болж байна.

Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн  дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24.8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.

Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1,536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3.1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэвэдсүрэнд даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622741
0 эможи

keyboard_arrow_up