БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Дорноговь аймагт ажиллалаа
Дорноговь аймагт эдийн засаг, нийгмийн үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд амжилттай хэрэгжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин болон тус яамны газар, хэлтсийн дарга нарын ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний ажилчдын 540 айлын орон сууцны хороолол, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй цэвэрлэх байгууламж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын ажил болон Замын-Үүд суманд хэрэгжиж буй чөлөөт бүсийн хүрээнд хийгдсэн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, цахилгаан хангамжийн ажил, “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд хийгдэж буй боомтын шинэчлэлийн ажлуудтай танилцлаа.
Мөн бүтээн байгуулалтуудын ажлуудыг хийхэд тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн нэгдсэн зөвлөгөөнийг хийж, бүтээн байгуулалтын ажилд дутагдаж буй барилгын материалын тасралтгүй байдлыг хангах, газрын тос боловсруулах үйлдвэрийн орон сууцны хорооллын ажилд шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүдийг тус тус шийдвэрлэн эрчимжүүлэн ажиллах үүрэг даалгавар өглөө.
Эх сурвалж: БХБЯ
|