Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн хэмжээгээр ЦАЛИН, УРАМШУУЛЛАА авна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотголын тухай хууль болон нэмж эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн яам Сангийн яамтай ярилцаж, Засгийн газрын зүгээс оруулаад байна. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, Нэг худалдан авагчийн тогтолцоо буюу стратегийн худалдан авалтыг хийхэд шаардлагатай эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хуулиудад орох шаардлагатай өөрчлөлтүүдийг бид бүхэн орууллаа.
Үүгээр цаашид эрүүл мэндийн салбарт зөв санхүүжилт хийх эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн хэмжээгээр цалин урамшууллаа авдаг болно. Ингэснээр эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах зэрэг томоохон өөрчлөлтүүд гарна. Цаашид эдгээр хуулийн өөрчлөлтийг дагасан үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг боловсруулах шаардлага гарч байна. Тухайлбал 2020 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эмийг олгох өөрчлөлт хийгдлээ. Хөнгөлөлттэй эмийг төвөг чирэгдэл багатайгаар бүх эмнэлгийн бүх шатны эмч ажилтнууд бичдэг болно. Мөн бүх эмийн сангуудаар олгох боломжийг бүрдүүллээ.
Журмаар тодорхой зохицуулалтуудыг хийж, ард иргэдэд учирч байгаа чирэгдлийг багасгана. Бусад хуулийн өөрчлөлтүүд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн зөв тогтолцоо бий болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, түүний чанарт мэдэгдэхүйц хэмжээний өөрчлөлт гарахаар болж байна." гэлээ.
"Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай шинэ хуулиар Резидент эмч нар цалинтай болно"
Эмнэлгийн тусламжийн тухай шинэ хуулиараа ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс резидент эмч цалинтай болох ёстой. 2021 оны төсөвт тусгасан. Резидент эмч нар цалинтай болсноор хариуцлага үүрэг хүлээх хариуцлагатай тогтолцоо руу орж буй юм. Мэргэшсэн эмч нарын тоо нэмэгдсэнээр аймаг, сумдад хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.
Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилчдад урамшуулалт цалин олгох тухай яригдсан. Төсвийн тодотголд оруулсан уу?
-Оруулсан. Корона вирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй тулд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг болгож 5 сая төгрөгийг олгох, тусгаарлах байруудад болон бусад тохиолдолд ажиллаж буй ажилтнуудад сая төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд суулгасан. Хууль батлагдвал шууд олгож эхэлнэ.
ВИДЕО: