Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхитэй хамтран ажиллана

2020 оны 8 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг  өчигдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа хангахад Засгийн газар, эрүүл мэндийн салбарт шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлж, идэвхитэй хамтран ажиллахаа дахин хэллээ. Үүний дараа тэрбээр ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг товч танилцуулж, улмаар НҮБ-ын Монгол Улс дахь Багийн зүгээс КОВИД-19 халдварын эсрэг тэмцэхэд Засгийн газарт үзүүлж байгаа дэмжлэг туслалцаа, Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулав.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ үеэр НҮБ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, нэн ялангуяа эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшил гаргахад чухал үүрэг гүйцэтгэж үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв. Тухайлбал Монгол Улс Мянганы хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудыг хангахад НҮБ, түүний төрөлжсөн агентлагуудын хамтын ажиллагаа, түншлэл чухал үүрэгтэй байсныг онцолж, цаашид Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд идэвхитэй хамтран ажиллана хэмээлээ. Цаашид энэхүү хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.  

Мөн түүнчлэн дэлхий нийтэд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын энэ хүнд хэцүү цагт эрүүл мэндийн салбар бусад салбаруудтай хамтран зүтгэж, улс орондоо халдвар тархахаас сэргийлж хамгаалах, халдвар дэгдсэн нөхцөлд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, цар тахлыг аль болох хор хохирол багатай даван туулахын төлөө үргэлжлүүлэн хичээж ажиллаж байна гээд энэ чиглэлд НҮБ-ын Хүмүүнлэгийн болон Эрүүл мэндийн багаар дамжуулан үзүүлж байгаа мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг болон хөрөнгө оруулалтад талархаж буйгаа илэрхийллээ.

Arslan.mn

Мөн цаашид эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогын томоохон зорилт, өөрчлөлт шинэчлэлийн талаараа Суурин зохицуулагчид танилцуулав. Тухайлбал эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтын механизмд шинэчлэлт хийх, нийгмийн эрүүл мэндийн төв байгуулж тогтолцоог сайжруулах замаар иргэдийг өвдсөний дараа биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан иргэд оршин суугаа газраасаа шаардлагатай тусламж үйлчилгээг саадгүй авдаг тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэлээ. Эдгээр болон бусад чиглэлээр НҮБ, түүний төрөлжсөн агентлагуудтай улам нягт хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619464
0 эможи

Зочин
2020-08-27 11:19
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up