Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлэв

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс-ыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Arslan.mn

Уулзалтын эхэнд ноён Хайкенс Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Хүүхдийн сангаас хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулав. НҮБ-ын Хүүхдийн сан өөрийн мандатын хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бөгөөд манай улсад олон жилийн турш товлолын вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, хангамжийн үйлчилгээг найдвартай байдлаар үзүүлж ирсэн юм. Тэрчлэн сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж Засгийн газрын түвшинд шийдвэр гаргахад шаардлагатай үндэслэл, судалгааны дүн, нотолгоог гаргах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаараа онцлов.  2020 он гарсаар дэлхий нийтэд хурдацтай тархсаар байгаа КОВИД-19 цар тахлын тархалтаас сэргийлэх, хязгаарлах талаар Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг, нэн ялангуяа эрсдлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр ЭМЯ амжилттай сайн ажиллаж байгааг цохон тэмдэглэв.

Мөн цаашид хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх замаар шатлал бүрт үзүүлэх тусламж үйлчилгээг тэнцвэржүүлж, ачааллыг бууруулах чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Суурин төлөөлөгч илэрхийлэв. 

Arslan.mn

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан КОВИД-19 халдварын үед эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж хөрөнгө оруулалтыг хийж байгаад талархал илэрхийлээд халдварыг дотооддоо тархаахгүй, тархсан тохиолдолд хохирол багатай даван туулах нь нэн чухал тул үйл ажиллагааны төлөвлөгөөг дахин шинээр боловсруулж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн КОВИД-19 халдварын үед улирлын томуугийн халдвар өвөрмөц онцлогтой байна гэж үзэж байгаа тул улирлын томууг угтаж хийх ажил болон томуугийн улирлын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулах, вакцины худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг бэлтгэл ажлын талаараа онцлов. 

Уулзалтын явцад талууд дээрх болон хамтран хэрэгжүүлж буй бусад үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, Сайд Т.Мөнхсайхан цаашид эрүүл мэндийн салбарт төвлөрлийг сааруулах, ард иргэдэд учруулах хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр ажиллаж байгаа талаар танилцуулж, эдгээр чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619250
3 эможи

Т.Мөнхсайхан
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up