Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд Майкл Клечески Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
Тэрээр хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд эрүүл мэндийн салбарын түншлэл хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид салбарын хүрээнд хамтарч ажиллах аливаа саналыг баяртайгаар хүлээн авахаа илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Элчин сайд Майкл Клеческид хариу талархал илэрхийлж, АНУ-ын Засгийн газраас өмнө нь манай улсад хэрэгжүүлж байсан тусламж, хөтөлбөрүүд нь эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцолсон юм. Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлыг аймаг дүүргийн эмнэлгээс эхлүүлэх замаар төвлөрлийг сааруулах бодлого баримталж ажиллана. Үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын үр дүнд эрүүл мэндийн салбарын хөгжлийг богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэхийг зорьж байгаа тухайгаа сайд Т.Мөнхсайхан хэлсэн юм. Үүнд хоёр талын хамтын ажиллагаа туйлын чухал байгааг уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.