З.Мэндсайхан: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагад өндөр хариуцлага ирж байна
Засгийн газар болон холбогдох яамд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч аймгийн удирдлагуудтай хийх уулзалтыг бүсчилэн зохион байгуулж байна. 5 бүсийн аймгуудыг нэгтгэж хийж буй эхний уулзалт Өвөрхангай аймагт болсон бол энэ удаа Хэнтий аймагт боллоо.
Уулзалт дээр Шадар сайд Я.Содбаатар, Засгийн газраас гаргасан өвөлжилтийн бэлтгэлийг хангах тухай тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
Энд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Зүүн бүсийн гурван аймгийн сумдын 50 хувь нь зуншлага сайтай, 30 хувь нь тааруу, 20 хувь нь гантай байна. Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай.
7 дугаар сарын дундаас хойш нийт нутгаар хур бороо орсон ч бэлчээрийн гарц хангалттай төвшинд сэргэж чадаагүй. Өвөл, хаврыг өнтэй давахын тулд 60.2 мянган тонн өвс, 15.9 мянган тонн тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Зүүн бүсийн зөвлөлдөх уулзалтад Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон албаны бусад хүн оролцлоо.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй, хариуцлагагүй хандсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэдгийг зөвлөгөөнд оролцогчдод хатуу санууллаа.