У.Хүрэлсүх: БСШУСЯ-ыг өөрчлөн байгуулахаар хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ
Засгийн газрын бүтцийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Тэрбээр "Яамдын чиг үүрэг, давхцлыг арилгаж, үр дүнтэй, шуурхай байлгах үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг өөрчлөн байгуулахаар холбогдох хуульд тусгаж, бусад яамдыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Үүнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваах саналыг хуулийн төсөлд тусгалаа. Ингэсгээр боловсролын болон соёлын салбарт төрөөс авч буй бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, сэргээн хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Харин нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, амьдарлын зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан Нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг бодлого, зохицуулалтыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 байхаар тусгалаа.
Түүнчлэн Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын, Соёл урлагийн газрыг Соёлын сайдын, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг ЗГХЭГ-ын даргын эрхлэх асуудлын хүрээнд тус тус ажиллуулах нь зүйтэй гэж үзэн тогтоолын төсөлд тусгалаа." гэв.