УОК: Кино театр, хүүхдийн зусланг үе шаттай нээх чиглэл өглөө
Улсын Онцгой Комисс /УОК/ болон Засгийн газар хуралдлаа. Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгажээ. Гэхдээ үйлчилгээний байгууллага шат дараатай нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон байна.
Мөн Үзвэр үйлчилгээний газар, кино театруудыг тодорхой цаг, дэглэмтэйгээр нээх чиглэлийг УОК-оос өнөөдөр Нийслэлийн онцгой комисст өгсөн байна.
НОК-оос олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спортын тэмцээн зохион байгуулахыг хориглосон хэвээр байх болно. Мөн диско баар, бага насны хүүхэд нэг дор олон цагаар байдаг PC тоглоомын газрыг нээхгүй.
PC тоглоомоос бусад хүүхдийн тоглоомын газрууд, ногоон бүсийн зуслан, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний байгууллага ялангуяа кино театруудыг тодорхой дэглэмийн дагуу нээх чиглэл өгсөн.
НОК-ын Шуурхай штабт чиглэл чиглэлийн байгууллага тус бүрд халдвар хамгааллын дэглэмийг хангасан бол үйл ажиллагааг нээх юм.
Халдвар хамгааллын эрсдэлийн үнэлгээг тооцож, ЭМЯ-ны гаргасан аюулгүй байдлын шаардлага хангасан үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээх чиглэл өгсөн.
Халдварыг дотооддоо алдаагүй байгаа энэ үед ажлыг байрыг хадгалах, эдийн засгаа тэтгэх зорилгоор үйлчилгээний байгууллагуудыг нээх шийдвэр гаргалаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 1000 орчим байгууллагын үйл ажиллагаа нээвэл 10 мянган ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх боломж байна. Иймээс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа энэ үед эрсдэлийн үнэлгээ хийж, дүгнэлт гарсны дараа дээрх байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх бололцоо байна гэдгээ албаныхан хэлэв.