Өнөөдөр Засгийн газар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэх шийдвэрийг гаргана
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлжээ. Өнөөдрийн хурлаар сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх тухай УОК-оос гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах учиртай. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Өнгөрсөн Даваа гарагт УОК мэргэжлийн/богино хугацааны/ сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэж, УОК-ын тогтоол гаргасан. Ингэснээр “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа. Тодруулбал 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасаж тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын дээрх тогтоол хүчин төгөлдөр болох юм.
Манай улсад мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1,088 сургалтын төв байдаг.
Эдгээр сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавина. Үүнд:
- биеийн халуун үзэх,
- амны хаалт зүүх,
- аль болох цахим сургалт хийх,
- ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах,
- нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх,
- анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
- 2 цаг тутамд агаар сэлгэх,
- хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй байх,
- сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх,
- анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх,
- ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ агаар сэлгэлт хийх,
- анги танхимд хооллохгүй байх,
- урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавьж буй бөгөөд, биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх аж.