Ц.Нямдорж: Тусгай албаны зардлыг өөр зүйлд зарцуулж, дургиж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.04.21/ дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар гишүүд асуулт асуусан юм.
Энэ үеэр ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ "Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байх үед Тусгай албаны санхүүгийн зардалд аудит хийсэн. УИХ-ын захиалгаар. Энэ шалгалтын дүгнэлтийг танилцуулахгүй юм уу. Тухайн үед аудит хийлгэх санал гаргаж байсан гишүүдийн нэг нь би. Тусгай албаны зардлыг шал өөр зүйлд зарцуулаад дураараа дургиж байна. Хүний эрхийг зөрчих, хүнийг шоронд хатаах хүртэлх арга хэмжээнд зарцуулж байна. Шалгалтын дүнг танилцуул гэж хэлээд удаж байна. Тусгай албаны арга хэмжээний зардлаас өөрт нь таалагддаг хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж өгсөн асуудал хүртэл бий. Ийм юмнуудаа нуугаад байх юм."гэв.