“БНСУ-д очсон Монгол иргэнээс коронавирус илрээгүй, 82 настай иргэн эх орондоо ирсэн”
БНСУ руу Монголоос очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацагджээ.
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Монголоос БНСУ руу явсан 260 гаруй иргэнээс ямар нэг халдвар илрээгүй.
Таван хүнээс халуурсан шинж илэрсэн тул Солонгосын тал очингуут нь COVID-19-ийн шинжилгээ хийж, халдваргүй болохыг тогтоосон гэлээ.
Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 260 орчим иргэнийг эх орондоо авчирсан. Уг нислэгт бүртгүүлж чадаагүй ч 82 настай иргэн Инчеоны олон улсын нисэх буудалд очиж, онгоцонд суулгах зөвшөөрөл өгөхийг хүлээж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан.
Тухайн иргэнийг онгоцод суулгасан эсэхэд УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хариулахдаа "Зарим мэдээллийн хэрэгслээр Хөдөлмөрийн баатар, 82 настай иргэнийг онгоцонд суулгаагүй гэх мэдээлэл гаргасан. Ийм ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. Хөдөлмөрийн баатар, 82 настай иргэн тусгай үүргийн онгоцонд сууж, эх орондоо ирсэн.
Гадаад улсаас эх орондоо ирэхээр 6,600 гаруй иргэн хүсэлтээ гаргаад байгаа. Тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал, ачааллыг тооцоолж байж эдгээр иргэнээ татах талаар ярилцана. Тиймээс гадаад улсад буй иргэд аль болох эрсдлээ тооцоолж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна" гэв.