“COVID-19“ халдварын үед эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
онгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шинэ коронавирусний тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 ажил өрнүүлэхээр жагсаалт гаргажээ. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгжийн төлөх иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг энэ сарын 1-нээс 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд чөлөөлнө.
Энэ хугацаанд даатгуулагчийг шимтгэл төлснөөр тооцох бөгөөд иргэд өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болох юм. Үүнд сайн дурын даатгуулагчийг хамруулах юм.
Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийн ажилтан бүрт энэ сарын нэгнээс 7 дугаар сарын 1 хүртэл сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох аж. Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.