ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Товчоор:

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Нийт 19 байгууллагын 54 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан ирүүлэхээс 47 нь ирүүлсэн байна. Эдгээр байгууллагууд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 3.1 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 2.6 их наяд төгрөгөөр гэрээ байгуулж ажилласан байна.
     
  • БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулахаар шийдвэрлэв. Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 хүнээр тогтоож, бүрэлдэхүүнийг харьяа яамны боловсон хүчнээс  бүрдүүлэх, урсгал зардалд шаардагдах 601.3 сая төгрөгийн төсвийг нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ерөнхийлөн захирагчийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.
     
  • Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.
     
  • “Тогтвортой амьжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Дэлхийн банкнаас ОУ-ын хөгжлийн ассиоцацитай хамтран 2002 оноос манай улсад хэрэгжүүлж буй уг  “Тогтвортой амжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд нийт 65,7 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин төслийн гуравдах шатыг 24 сарын дотор хэрэгжүүлж, 12 сая ам.доллар зарцуулна хэмээн төсөвлөжээ.
     
  • “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК –ийн ОХУ-ын "Интер РАО ЕЭС" худалдан авсан цахилгаан эрчим хүчний 2019 оны үлдэгдэл өр төлбөрт 3.2 тэрбум төгрөг, 2020 оны нэгдүгээр улирлын урьдчилгаа төлбөр болох 800 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
     
  • “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны ОУ-ын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. ДЦС-3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төөлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд  татах ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
     
  • Жендэрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн, Удирдлагын академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захиралыг тус тус гишүүнээр нэмж оруулахаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
7
confuse an post
6
angry an post
4
615537
24 эможи
keyboard_arrow_up