Бүх ААН, компанийн НДШ-ийг 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл ЧӨЛӨӨЛЛӨӨ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна.
/2020.03.27/
ШУУД ҮЗЭХ:
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна.
Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа.
Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байгаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой. Зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлуудыг бид барьж аваад халдвар гаргахгүй ажиллаж байгаа. Улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга.
Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул заналхийлэхийг Та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга ухамсар өвчний халдвар тархахаас нөлөөлөхөд чухал нөлөөтэй байгаа.
Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг зарцуулаад байна. Мөн нэмээд 20.6 тэрбумыг шийдээд явж байгаа. Цаашдаа бид 159 трэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулна. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон.
Энэ хүндэрсэн нөхцөл байдалд улс орны ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХЭЭР дараах арга хэмжээг авахаар боллоо.Үүнд:
- ААН, компаниудыг дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, тэглэж байна.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР авахгүй.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс ААНОАТ авахгүй бөгөөд бүрэн чөлөөлж байна.
- Үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгоно.
- Малчдаас ноолуур авахад зориулж 3%-ийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг Засгийн газар хариуцна.
- 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна.
- Шатахууны үнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
Эдгээр арга хэмжээнд 5.1 их наяд төгрөг зарцуулна.