ЗАСГИЙН ГАЗАР: Хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.03.25/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллараар тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлж, зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг 2019 оны 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм.
Иймд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд тусгайлсан зээлийн гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамжаа гаргалаа.
Зээлийн хугацаа 17,5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ.
Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар гадагшаа чиглэж буй энэхүү валютын урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.
Газрын нэгдмэл сангийн цахим системийг орон даяар нэвтрүүллээ
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг батлав. Үүнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний цахим систем, үнэлгээ, татвар, төлбөрийн, газрын кадастрын мэдээллийн систем, газрын мониторингийн сүлжээ багтах юм.
Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийг үндсэн 14 серверт өгөгдлийн сангийн зохион байгуулалтыг хийж, техникийн болон хөгжүүлэлт, туршилтын ажлыг хийсэн бөгөөд төрийн байгууллагууд эрх, үүргийн дагуу хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болсон.
Энэхүү системийг төрийн байгууллагууд ашигласнаар мэдээллийн ил тод байдал хангагдаж, иргэд олон нийт газрын бодлого төлөвлөлтийн үйл явцын мэдээллийг цаг тухайд нь авч, хэрэгжилтэд хяналт тавьж, хүнд суртал чирэгдэл буурах юм. Газар өмчлөх эзэмших, ашиглах, эрхийн баталгаа, хамгаалалт сайжирч, газрын зөрчил маргаан гарахгүй байх боломж бүрдүүлэх ач холбогдолтой.
Уг системийг байнга сайжруулж, хөгжүүлэх цаашид удирдаж явуулахад жилд 200 гаруй сая төгрөгийн төсөв шаардагдах аж.
COVID-19 –аас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ОУ-ын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна
Манай улс “COVID-19- аас урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон Улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээрүүд хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
Шинэ коронавируст /COVID-19/халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас шаардлагатай орнуудад 14.0 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ. Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг хийх юм.
Олон Улсын хөгжлийн ассоцациас 13.1 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд Зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл олгох журмыг шинэчлэв
“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох , сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих” журмыг шинэчлэн батлав. Журамд шинээр батлагдсан Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хүрээнд зохицуулсан зохицуулалтыг тусган 2019 онд батлагдсан журмын ерөнхий бүтэц агуулгыг алдагдуулахгүйгээр дараах гол зохицуулалтуудыг нэмж оруулжээ.
- Бичил, жижиг, дунд ангилалд хамаарах зээлийн хэмжээг тогтоосон
- Хөнгөлөлттэй зээл олгох хэлбэрийг хуулийн хүрээнд шинэчлэн зохицуулсан
- Дамжуулан зээлдүүлэх арилжааны банкинд тавигдах шаардлагыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн
- Хороо, дэд хорооны гишүүнд тавигдах шаардлага бий болгосон
- Орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмсэн
-Зээлийн мэдээллийн сан үүсгэх, эргэн төлүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны зохицуулалтыг бий болгосон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.