Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно
“Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ.
Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ.
“Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.