ШУУРХАЙ: Орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоолоо
Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээлсэн.
Энэ талаар авч буй арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Өнөөдөр өглөөний 06:00 цагт Улсын онцгой комисс хуралдаж яаралтай шийдвэрийг гаргалаа. Эхний шинжилгээгээр коронавирус илэрсэн тул яаралтай арга хэмжээг авахаар болж байна.
Улаанбаатар хот, аймаг сумаас гарах болон орох, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, галт тэрэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан.
Гэхдээ олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын урсгал, авто замын олон улсын хойд хилийн урсгал нээлттэй байгаа." гэв.