Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй
Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн байр суурийг хүргэж байна.
-Сургалтын зээл тэглэх, чөлөөлөх асуудлыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Хуулийн төсөл өргөн барьсан сайдын хувьд бодит мэдээлэл өгөхгүй юу?
-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг. 2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өнчин, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айл өрхийн хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөх зорилготой ийм байгууллага. Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна. 2004, 2008 онд зээлээр суралцаж төгссөн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг. Тухайн үед 26 мянган дипломыг өөрсдөд нь олгосон. Түүнээс биш зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй. Зээл авахдаа сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг олон төрлийн үүрэг хүлээдэг. Одоогоор 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна.
-Тэгэхээр одоо яригдаж асуудал нь цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү?
-Тийм ээ. Гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага зэргийг цогцоор нь өөрчилж байна. Харин үүнийг олон нийт ЖДҮ-гийн зээл шиг ойлгож болохгүй. Ялангуяа сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор буруугаар мушгин гуйвуулж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Тэдний л асуудал. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудын зээлийг төлүүлэх асуудлыг ярина. Тухайлбал, мэргэжлээрээ ажиллалаагүй, сургуулиа төгсөөд нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу явагдсан. Одоо тогтоол батлагдах ёстой. Үүний дараа төлүүлээд, хөнгөлөөд, чөлөөлөөд явна.
-Сургалтын зээл аваагүй хүмүүсийн эрх зөрчигдөж буй асуудал бий юу?
-2008 онд сургуулиа төгссөн хүн 12 жил болсон байна. Дипломныхоо барааг хараагүй, Төрийн санд үлдээгээд явж байна. Журмаараа таван жил эх орондоо нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглэж дипломыг нь олгох гэрээтэй. Зарим хүн би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм гэж байна. Заавал бүх хүн төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй. 2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулсан. Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй.
-Нийт хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр тусгасан бэ?
-2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 14 мянган иргэний диплом байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг.
-Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод тэдний хүүхдүүд зээлээр сурчихаад төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой. Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170 хүний л асуудал байна. Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа.
-Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу?
-Гадаадынх тусдаа явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал юм. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.9 ДАВАА № 45 (6270)