Ё.Баатарбилэг: Сургалтын төлбөрийн зээлийг бусад зээлтэй андуурч болохгүй
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “1993 оноос Сургалтын төрийн сан гэж байгуулагдсан. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн, өнчин, амьдралын боломж муутай, сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх боломжгүй айл өрхүүдийн амжилттай сурч, төгссөн, магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд орсон орсон хүүхдүүдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож, сургаж, төгсгөдөг журам хэрэгжээд 27 жил болж байна.
Энэ хугацаанд 2004, 2008 онд зээлийн сангийн журмаараа зээл аваад, сураад, амжилттай төгссөн 26,000 оюутан залуусын 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон.
Сургалтын зээл авахдаа оюутнуудтай гэрээ байгуулдаг. Тухайн үеийн журмаараа, төгсөөд 5 жил ажиллана, мэргэжлээрээ ажилласан байна, НД-ын шимтгэл төлсөн байх зэрэг олон үүрэг хүлээж, гэрээ байгуулдаг. Зарим тохиолдолд зээлээр суралцаж төгссөн хүн нас барсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг асуудал гарсан бол хүчингүй болгодог.
Өчигдөр өргөн барьсан журам бол цогц журам. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гараагүй 8 жил болсон учраас олон мянган оюутан дипломоо авч чадахгүй явж ирсэн. Гэрээний үүргээ биелүүлсэн сурагчид дипломоо авч, төр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Тэр хүмүүсийнхээ дипломыг хуулиараа буцааж олгох ёстой юм. Үүнийг ЖДҮ-ийн гэх мэт бусад зээлтэй андуурах хэрэггүй.
2008 оноос хойш 14,000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм.
Мөн төрийн сангийн зээлд нийт 1,800 гаруй залуус хамрагдаж, өндөр хөгжилтэй орнуудад сурч төгссөн байна. Бүгд гэрээтэй. Өнөөдрийн байдлаар 160-170 хүн зээлээ эргэн төлөөгүй, хаяг тодорхойгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгснөөр тэдгээр оюутны батлан даагчидтай нь холбогдож, график гарган эргэн төлүүлэх процесс явж байгаа.
Харин журмын хувьд гадаад, дотоод аль алиных нь сургалтын зээлийг зохицуулахаар нөхцөлүүд нь шинэчлэгдсэн” гэв.