“Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталлаа
Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.
Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг нормативын дагуу олгодоггүй, инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэггүй бөгөөд 2014 оноос хойш шинэчлэлгүй өнөөг хүрчээ.
Асруулагчдын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад зүйлийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгохдоо сонгон шалгаруулалт явуулдагаас хугацаа алдаж, энэ хэрээр асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүрдэг.
Мөн асруулагчид, ялангуяа алслагдсан газарт байх хүмүүс II, III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ач тусыг бараг хүртдэггүй байна. Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Иймээс хууль, эрх зүйн орчин, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар зэргийг цогцоор нь сайжруулахын тулд дээрх хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.