Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Төсөвт тодотгол хийх хэмжээний хүндрэл үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаасаа хойш эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээ сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах хэмжээний чадавх бий болсон. Тиймээс төсөв тодотгохгүй.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон.
Үнийн хөөрөгдөл бий болохоос болгоомжилж татварын зохицуулалт хийж байгаа. Гэхдээ БНХАУ-аас болон тус улсаар дамжсан бараа бүтээгдэхүүнүүд импорт хэвийн явагдаж байгаа. Импортын татварыг нь чөлөөлөх бүтээгдэхүүний жагсаалтаас өндгийг хассан. Яагаад гэвэл, манай улс өндгийг дотооддоо хангалттай хэмжээгээр үйлдвэрлэж байгаа учраас импортын татварыг нь чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн. Харин бүх төрлийн будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн мэдээллийг өмнө нь өгсөн. Одоо хоёрдугаар сарын статистик гарна. 180-190 тэрбум төгрөгөөр тасарсан болов уу гэж тооцож байгаа." гэв.