Ч.Улаан: Мах, гурил, будаа, элсэн чихрийн ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд очлоо. Үүнтэй холбоотойгоор ард иргэдээ хүнсээр хомсдуулахгүй байх шаардлага байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг 3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30- ны хооронд тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Хууль батлагдтал импортлогчид наана нь орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний татварыг төлөхгүй байж байгаад хууль гарахаар чөлөөлөгдөнө гэсэн үг.
2019 оны ургацаас 247 мянган тонн будаа тушаагдсан. 60 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ байгаа. Үүнийг импортолж байна.
Зайлшгүй хүнсний бүтээгдэхүүн дээр нөөц бэлдэх шийдвэр гарсан. Улсын хэмжээнд нөөц байхгүй. Улирлын хэмжээний нөөцтэй байх гэдэг үүднээс 100,000 тонн улаанбуудай импортлохоор болсон. Гурил хомсдохгүй.
Махны хувьд улсын нөөцөд 12 мянган тонн мах бэлдсэн. 279 цэгээр нөөцийн махыг борлуулах ажлыг 3 дугаар сарын нэгнээс эхлүүлж байна. Улаанбаатарын махны хангамж тогтвортой байна.
Манай улс бүх төрлийн будааг импортоор авдаг. Шар, цагаан, хөц, гурвалжин будаа гээд.
1, 2 дугаар сард импортолсон будааг тооцоход 3 сарын нөөц байна. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэхээр импортын татварыг тэглэж шийдвэрт хүрсэн. Ингэвэл будааны хувьд 4-5 сарын нөөцтэй болно.
Ямар нэгэн хэлбэрээр хүнсний хомсдол үүсгэхгүй. Иргэд хүнсээ нөөцөлж хомсдол үүсгэн үнийн хөөрөгдөл гаргах вий гэхээс болгоомжилж байна. Мөн түгээлт, тээвэрлэлтээс шалтгаалаад үнийн доргио гарахаас болгоомжилж, төр засгийн хяналт, зохицуулалт хийж байна" гэлээ.