“Монгол иргэн коронавирусээр биш элэгний үрэвслээр нас барсан“
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нартай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байна.
БНСУ-д нас барсан Монгол иргэний оношийн талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох мэдээллийг өглөө. БНСУ-д нас барсан иргэний үхлийн шалтгааныг тус улсаас албан ёсоор ирүүлсэн байна. Тухайн иргэн коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгдлээ" гэв.
БНСУ-д эмчлүүлэхээр явсан Монгол Улсын иргэн хоёрдугаар сарын 25-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг шинэ коронавирусийн халдвар авсан болохыг тогтоогоод байсан юм.
Тэгвэл БНСУ-ын талаар тухайн иргэнийг коронавирусийн халдвар авсан ч вирусийн халдвараас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдгийг мэдэгджээ.