Ё.Баатарбилэг: Сурагчдыг хоёр сарын турш Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж байна.
"Сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй"
Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэсээр байв. Эдгээр хичээлийг бэлдэхэд телевизийн 350 гаруй ажилтнуудын хүч хөдөлмөр шингэсэн гэдгийг тодотгох ёстой.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг сунгаснаар сурагчдын зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.
Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд найман долоо хоногийн турш буюу хоёр сарын хугацаанд Даваа-Бямба гарагт хичээлүүлнэ.
Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна.
- Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
- VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна.
Үлдсэн 2 долоо хоногийн хичээл, сургалтын агуулгыг "Теле хичээл"-ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна." гэв.