Хувь заяа биднийг харзнаж сар илүү КОРОНАВИРУС ИЛЭРСЭНГҮЙ
Хувь заяа биднийг харзнаж Монгол Улсад сар илүү хугацаагаар коронавирус илэрсэнгүй. Хүн ам сийрэг, газар нутаг том, уур амьсгал сэрүүн учир энэ биз ээ. Ер нь бол судлаач, шинжээчид энэхүү вирус илрэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа юм билээ. Муу ёрлож байгаадаа ч биш, зах замбараагүй байвал илэрч мэднэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Угтаа тахал дэгдээгүй энэ сар илүү хугацаа бидэндээ бурхны бэлэг байлаа.
Харин бид энэ хугацааг үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэвэл үгүй. Монгол Улсын удирдлага энэ боломжийг тултал нь ашиглаж огт чадахгүй байна. Зүгээр л хуучин, улиг болсон улс төрөө хийж байх шиг харагдана. Допингтой бөхөө яаж ч чадахгүй байснаа коронавирусийн дэгдэлтийг далимдуулж Цагаан сарын бөхийн барилдааныг хориглож ч байх шиг. Томуугаа дийлэхгүй алдсанаа цэцэрлэг, сургуульд хөл хорио тогтоож аргалж ч байх жишээтэй. Энэ мэт дүлэгнэсэн, бөөрөнхийлсөн, нялцгасан шийдвэрүүдийг их гаргаж байна.
Хамгийн шуурхай, шударга, эрс шийдэмгий, зоригтой ажиллаж байх учиртай Улсын онцгой комисс ч хурлаа хийж чадахгүй байна. Онцгой комиссын дарга ирц хүрэхгүй байна гэж уйлагнаж суухын сацуу пиджакныхаа өнгөтэй хослуулсан амны хаалт зүүж л гайхуулж байгаа харагдана. Үүнээс өөрөөр юу хийж, шийдэж байгаа юм бол доо.
Зүй нь “Өөх ч биш, булчирхай ч биш”-ийн адил Цагаан сар хийх, хийхгүйн хооронд юм ярьж, аргацааж байхаар зоримог шийдвэрүүд гаргах хэрэгтэй байна. Энэ өвчин илэрлээ гэхэд хэрхэх талаар зааж, зөвлөж, хүмүүсийн сэтгэл зүйг бэлдэх шаардлагатай. Аливаа хүнд бэрхийг даван туулахад нийгмийн сэтгэл зүй чухал үүрэгтэй. Өвчин илэрсэн үед хэрэгжүүлэх арга, тактикаа боловсруулах, үзүүлэн сургуулилтуудыг явуулах нь ч чухал байна. Бидний бага байхад Иргэний хамгаалалтын сургуулилт болж, аав, ээжүүд маань оролцдог байсныг мэдэх юм. Үүн шиг өвчин зовлон нүүрлэсэн тохиолдолд айж, тэвдэхгүйгээр хэрхэн тэрхүү нөхцөл байдлыг даван туулах талаар үзүүлэн сургалт хиймээр байна. Энэ ажилдаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг хамруулж орон даяар түгээх нь зөв юм. Тэр бүрт гарсан алдаа дутагдлаа засаж, улам сайжруулах боломж олдож юу нь болохгүй байна, юу нь болж байгааг хэлж ярьдаг байх хэрэгтэй. Юу ч хийдэггүй хүн огт алддаггүйтэй адил бид хүнд үед иргэдэд тус дэм болох, хэрсүүжүүлэх нэг ч ажлыг эхлүүлэхгүй байгаа учир аль нь зөв, буруу болохыг ч тунгааж чадаагүй байна.
Ядаж л хүн бүрийг үнэтэй, үнэгүй маскаар хангана гэж хэрэлдэж байхын оронд өрх бүрийг хүнийхээ тоогоор гурван ээлжийн маск оёж, хэсгийн даргадаа шалгуулахыг уриалах хэрэгтэй. ХӨСҮТ-ээс баталж гаргасан стандартын дагуу хэдхэн ширхэг маск оёод гэр бүлийнхээ хэрэгцээг хангачихад юу нь болохгүй байх вэ. Бид ямар хүний төлөө амьд яваа биш, өөрийнхөө төлөө иймхэн юм хийж яагаад чадахгүй байна гэж. Тэгэхэд бид дэлхий даяар олдохгүй байгаа маскаар үнэгүй ханга гэж цээжээ дэлдэхдээ тултал эрх танхи болцгоожээ. Хэрвээ энэ тахал мөн л юм бол аюултай нөхцөл байдал үүссэн үед яаж амьдрах талаар айл бүрт бодитой сургалт явуулмаар байна. Өөрийнхөө амины төлөө өөрөө л тэмцэхгүй юм бол хэн бидний төлөө явах вэ дээ.
Цагаан сарыг хийх үгүй нь тодорхой бус дүлэгнэсэн шийдвэр гаргаж байхаас илүүтэй “Яг ингэж хийгээрэй” гэсэн үзүүлэн сургалт явуулж ч болно. Тэр бүрийгээ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд харуулж, сурталчилах нь илүү үр дүнтэй. Ил тод мэдээлж, үзүүлэн сургалт зарлаж, онцгой нөхцөлд байдалд өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн авч явах талаар өдөр, шөнөгүй бэлтгэл, сургалт хийх шаардлагатай байна. Гэтэл өнөөдөр хий дэмий худлаа цуурсан, цуурхалдаа итгэж солиорсон, ямар ч удирдлагагүй ард түмэн л байцгаана.
Монголын ард түмний тэн хагас нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатарт энэ бүхнийг хэрэгжүүлээд эхлэхэд хөдөө, орон нутгийнхан дагаад л шуурна. Нийслэл техник, технологи, хөрөнгө мөнгөний бололцоо илүү учир эндээс эхлэх нь зүйтэй. Дээр дурдсанчлан хуучин социализмын үед хийж байсан Иргэний хамгааллын сургалтыг хийн хүмүүсийн сэтгэл санааг бэлтгэж, өвчин зовлонтой үед зохион байгуулалттай байж, биеэ хэрхэн авч явах талаар үлгэрлэж, тахлыг Монголд тархаачихгүй байх мэдлэгтэй болгох ёстой юм. Арав, аравтаар нь, хорь хорьтоор нь зохион байгуулахад ч болохгүй гэх зүйл алга. Ийм зохион байгуулалт, мэдлэг чадвартай байж л бид өвчин зовлонгоос эсэн мэнд үлдэж чадна.
Элдэв юм боллоо гэхэд хүмүүсийн хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг зааж, дадлагажуулах нь ч юу юунаас илүү чухал. Гэр хорооллын гудамж бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх цэгтэй болж яагаад болохгүй гэж. Тахлын талаарх анхны мэдлэгтэй болж, яаж түүнээс урьдчилан сэргийлэх, яавал өвчин авчихгүй биеэ авч явахыг зааж сургах хэрэгтэй байна. Мөн анхан шатны тусламж яаж үзүүлэх, өвчтэй хүнтэй яаж халдвар авчихгүй харьцах, ямар утсаар, аль эмнэлэгт хандах зэрэг наад захын мэдлэг чадварыг яагаад зааж болохгүй гэж.
Карентин тогтоовол хоол, хүнсээ хаанаас яаж авах тухай ч хэлж, ярьж байхад гэмгүй. Хамгийн гол нь энэ бүх зүйлсийг соргогоор мэдэрч, өнгөрсөн сар хагасын хугацаанд иргэддээ ягштал ойлгуулчихсан байх байлаа. Энэ ээдрээтэй цаг үед улс эх орныг удирдах хашир, туршлагатай Ерөнхий сайдуудын зөвлөлийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дэргэд байгуулах ёстой талаар манай сонин мэдээлснийг та бүхэн харсан нь лавтай. Тэд ийм ханатай зүйлсийг хэрэгжүүлж чадах л байх. Дээрх бүхнийг сургаж, дадлагажуулж гэмээнэ ард түмэн эрсдэлийг давах чадвартай байх юм. Үүнийг ч энэ цөвүүн цаг шаардаж байна.
Тэгвэл бид ирэх бүхнийг ажралгүй хүлээн авахад бэлэн үү. Амны хаалт хүрэлцэхгүй нь гэх ард түмний дундах хэрүүл, Онцгой комиссын дарга амны хаалтаа пиджактайгаа хослуулж гангарснаас өөрийг бид хийв үү. Үнэхээр бид олдсон энэ нэг сар гаруйн хугацаанд юу ч хийж гийгүүлсэнгүй ээ. “Энх цагт хөлс их гарвал дайны цагт цус бага гарна” гэх хуучны лут үг бий. Эрүүл саруул байгаа, хугацаа олдсон энэ үед бэлтгэлээ сайтар базаавал өвчин зовлонг хохирол багатай давах биш үү. Хамгийн гол нь энэ нялцгай ард түмнээ хэрсүүжүүлэх, хашир суулгах, бусдын өмнө биш юм аа гэхэд гэр бүлийнхээ өмнө, ядаж өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх сэтгэлийн хаттай болгох хэрэгтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин