ЗГ: Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй
Засгийн газраас цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг сошиал хуудастаа бичжээ.
Тэрбээр "Засгийн газар короновирустэй холбоотой асуудлаар хурал бүр дээрээ онцгойлон ярьж байгаа. Засгийн газраас Цагаан сарыг шууд хорих хуулийн зохицуулалт хүндрэлтэй бөгөөд хэцүү. Онцгой байдлын тухай хуулиар Ерөнхийлөгч онц байдал зарлаж, УИХ-ын чуулганаар 3 хоногт хэлэлцэж олны хөл хорио тогтоох замаар Цагаан сар буюу уламжлалт баярын хөл хөдөлгөөнийг цагдаа, цэргийн хатуу хяналтаар зогсоох л боломжтой. Энэ бол шийдэл биш.
Иймд Засгийн газар, Улсын онцгой комиссоос бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Харин иргэддээ зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байна.
Жич: Засгийн газрын хуралдаан 08:00 цагаас хойш үргэлжилж байна. Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэх гэж байна. Харин Цагаан сарын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй, ийм санал огт гаргаагүй болно" гэлээ.
09.00 цаг 2020.02.12
ЗГ: Цагаан сар тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарлигийн төсөлд саналаа өгчээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг”-ийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна. Яг одоо Засгийн газар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигийн төслийг хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч зарлигийн төсөлдөө XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх зэрэг асуудлыг тусгасан гэдгийг эх сурвалжийн мэдээлж буй.